1 сард уншсан 4 ном

Marla Munkh-Achit
3 min readFeb 7, 2022

--

Та нар хааяа уншсан номынхоо үйл явдал, агуулгыг мартчихдаг уу? Төрүүлсэн сэтгэгдэл, сайн ном байсан эсэхийг нь санаж байгаа мөртлөө яг нарийн үйл явдлыг нь санахгүй болохоор тэр номыг уншихад зарцуулсан цагтаа харамсах ч шиг. Тэгээд Medium-дээ салхи оруулангаа 2022 оны эхний сард уншсан номын тэмдэглэлээ бичиж үлдээе гэж шийдлээ. Он гараад удаагүй болохоор урам зоригтойгоор 4 ном уншсанаа ийнхүү хуваалцаж байна.

Ном: 99% Invisible City

Зохиолч: Roman Mars, Kurt Kohlstedt

Төрөл: Дизайн, хот төлөвлөлт, танин мэдэхүй

Дүн: ★★★★☆

Хэрвээ та нар 99% Invisible подкастыг сонсдог бол энэ номын талаар дуулсан байх. Өдөр тутам анзаардаггүй хэдий ч бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон дизайн, архитектурын шийдэл, сонирхолтой баримтуудыг нэгтгэсэн гоё ном байсан.

Яагаад траншейний таг дугуй хэлбэртэй байдаг, замын тэмдэглэгээ хаанаас үүссэн, эргэдэг хаалга энгийн хаалганаас ямар ялгаатай гээд хэзээ ч бодож байгаагүй сонирхолтой асуултуудад хариулт өгсөн нь уйдаахааргүй байлаа. Нэг оноо хассан шалтгаан нь зураг, дүрслэл жоохон дулимаг байсных. Хот төлөвлөлтөд сонирхолтой хэний ч болов унших хэрэгтэй ном гэж бодож байна.

Номын нэр: The Chancellor: Remarkable Odyssey of Angela Merkel

Зохиолч: Kati Marton

Төрөл: Намтар

Дүн: ★★★★★

Германы Канцлер асан Ангела Меркелийн талаар ном тийм ч олон биш. Хувийн амьдралаа нууцалдаг энэ эмэгтэйн амьдралыг маш сайн судалж бичсэн нь таалагдсан. Зүүн Германд сүмийн пасторын гэр бүлд өссөн физикч мэргэжилтэй Ангела хэрхэн улс төрийн замналаа эхэлж, Германы төдийгүй Европын удирдагч болсон талаар дэлгэрэнгүй өгүүлэх энэ номыг ёстой л “нэг амьсгаагаар” дуусгасан. Зөвхөн Меркелийн намтар мэт боловч ХБНГУ-ын сүүлийн 60 жилийн түүхийг давхар харуулсан нь сонирхолтой. Түүний тайван, нухацтай зан, шийдвэр гаргах, хэлэлцээр хийх чадвар гээд сурах зүйл ихтэй, сонирхолтой бүтээл байсан тул 5 оноо өглөө.

Ном: Remember

Зохиолч: Lisa Genova

Төрөл: Шинжлэх ухаан

Дүн: ★★★☆☆

Уншсан ном, үзсэн киноны үйл явдлаа хааяа сайн санахгүй байгаадаа санаа зовниж байсан болохоор ой санамж, марталтын талаар Харвардын их сургуулийн багш, тархи судлаач Лиза Женовагийн номыг Audible дээр сонссон юм. Цоо шинэ мэдээлэл их байгаагүй ч бидний тархи хэрхэн шинэ дурсамж бүтээдэг, яагаад бид зарим зүйлсийг ор тас мартдаг мөртлөө заримыг нь тод санадаг, аливаа алдартан, жүжигчний нэр хааяа орж ирдэггүй болох, бидний тархи хэрхэн “хуурамч” дурсамж бүтээдэг, Алцхаймер өвчин хэрхэн үүсдэг мөн хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар олон мэдээллийг энгийнээр багцлан бичсэн учир нэг уншихад илүүдэхгүй ном гэж бодлоо.

Номын нэр: Crying in H Mart

Зохиолч: Michelle Zauner

Төрөл: Намтар

Дүн: ★★★★★

Japanese Breakfast хамтлагын дуучин Мишель Заунерийн намтар бүтээл “Crying in H Mart” 2021 оны хамгийн их борлуулалттай номуудын нэгээр шалгарсан мөн Ази гаралтай зохиолчийн бичсэн ном учраас эргэн тойрны хүмүүс нэлээд уншиж байсан болохоор энэ номыг “Want to read” жагсаалтандаа оруулчихсан байсан юм. Америк аав, Солонгос ээжтэй, Ази хүмүүс цөөн амьдардаг Орегон мужийн жижиг хотод өссөн тэрээр ээжийгээ хорт хавдраар алдсанаас хойш энэхүү номоо бичсэн. Хоёр өөр соёлын дунд өссөн түүний өөрийгөө олох аялал, уламжлалт хүмүүжлийн арга барилтай ээж, урлагт сонирхолтой тэрслүү өсвөр насны охин хоорондын зөрчил гээд заримдаа хэт хувийн гэмээр түүхүүд нь сэтгэл хөдөлгөм, бас ээдрээтэй байсан болоод ч тэр үү сэтгэл их хөдөлгөсөн. H mart нь АНУ-д олон салбартай Солонгос хүнсний дэлгүүрийн сүлжээ бөгөөд хоолоор дамжуулан ээжтэйгээ, Солонгос соёлтойгоо эргэн холбогдох гэж хичээж байгаа түүхээ маш энгийн боловч дотноор бичсэн санагдлаа.

Энэ онд Goodreads-ээ идэвхтэй хөтөлж, 36 ном унших ахадсан зорилго тавьсан байгаа. Чадвал сар бүр уншсан номоо энэ мэтээр оруулахыг хичээнээ. Та нар он гараад ямар ном уншиж байна?

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity