10 books for YPG

Marla Munkh-Achit
4 min readNov 27, 2019

--

Энэ жилээс би Young Professionals Group-Mongolia Chapter-ийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөр нь 12 залуу мэргэжилтнүүдийг сонгон авч, илүү туршлагатай менторуудтай холбон өгч, тэднийг чадавхжуулах зорилго бүхий нэг жилийн хөтөлбөр билээ. Хөтөлбөрийг ХААН Банк санхүүжүүлдэг бөгөөд энэ жил дараах 12 хүн ментороор оролцож байна.

Хүн бүр өөрийн ментортой тулж ажиллахаас гадна сар бүр бүх оролцогчид нэг ментортой уулзаж, тухайн салбарын талаар мэдээлэл авдаг юм. Эдгээр уулзалтын үеэр менторууд ном санал болгодог болсон бөгөөд улмаар бид бүгд өөрсдийн хамгийн их сэтгэгдэл үлдээсэн 5 ном болон сүүлийн үед уншсан, санал болгох 5 номын жагсаалтыг тус тус хуваалцахаар болсон билээ.

  1. Хорвоотой танилцсан түүх (Л.Түдэв)

Анх уншиж байсан Монгол номуудын нэг болох “Хорвоотой танилцсан түүх” бол миний номонд дуртай болсон шалтгааны нэг. Жинхэнэ Монгол ахуйгаас хол, орон сууцанд өссөн 90-ээд оны надад хөдөөгийн амьдрал, хүүхэд насны сониуч зан, илүү ихийг танин мэдэх хүсэл төрүүлсэн хөөрхөн ном. Сүүлд шинээр хэвлэгдээд танигдахааргүй шинэлэг болсон байсан.

2. Харри Поттер цувралууд (J.K Rowling)

Монгол хэлээр гараад удаагүй байхад нь (тэр үед зөвшөөрөлгүй орчуулсан байсан юм шиг байна лээ) цувралын эхний хоёр номыг номын сангийн хүүхдийн уншлагын танхимд олж уншаад, нүд нээгдэх шиг л болсон. Уншиж дассан Орос, монгол үлгэрийн номоос тэс өөр ертөнц байж болохыг мэдсэн нь хамгийн том нээлт болсон байх. Сүүлдээ англиар уншиж, киноных нь фэн болсон байдаг юм.

3. Freakanomics (Stephen J. Dubner)

Их сургуулийн нэгдүгээр курст социологийн анги дээр анх уншсан энэ номонд шууд л дуртай болсон. Хичээлийн хөтөлбөрийн дагуу унших ёстой байсан боловч авсан даруйдаа уншиж дуусгасан байдаг юм. Хэрвээ энэ номыг уншаагүй хүн байгаа бол заавал уншаарай гэж зөвлөх байна.

4. Хүлээх өрөөний эзэгтэй (Ш.Цэнд-Аюуш)

Гэрийнхээ номын сангаас олж уншаад ахиж өөр хэзээ ч, хаана ч харж байгаагүй энэ зохиол надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн номуудын нэг яах аргагүй мөн. Дүрээрээ хэмээх нэртэй залуу эрдэмтэн “үл үзэгдэгч” болох арга нээсэн боловч түүнд нь хэрэгтэй бодисоо олж чадахгүйгээс болж өчнөөн адал явдал үүсдэн. Хүмүүс ямар гэнэн, бас хорон санаатай байж болдогыг энэ зохиолоос л анх ойлгосон доо хөөрхий.

5. Giving tree (Shil Silverstein)

Англи хэлний багшаасаа анх сонсоод уншиж байсан энэ ном хүүхдэд зориулсан хэрнээ үнэхээр сургамжтай ном байсан. Анх сүүдэрт нь тоглодог байсан хүүд мод бүхнээ зориулдаг гунигтай түүх нь одоо ч тод санагддаг юм. Зургууд нь бас үнэхээр хөөрхөн.

Сүүлийн үед уншсан санал болгох 5 ном

  1. Educated (Tara Westover)

2018 оны Америкын бэстселлэр болсон энэ ном нь зохиолчийн өөрийнх нь амьдралын тухай юм. Хатуу чанга шашинтай гэр бүлд америкын хөдөө мужид өссөн тэрээр хэрхэн боловсролыг нэн тэргүүнд тавьж, гэр бүлийнхээ хүнд дарамтаас ангижирсан талаар сонирхолтой түүхийг өгүүлнэ. Сүүлд түүний гэр бүлийнхэн энэ номноос болж 2 хуваагдсан гэсэн. Мэдээж зарим хэсэг нь хэтрүүлэгтэй гэмээр санагдсан ч ерөнхий санааг ойлгоход энэ нь саад болохгүй санагдсан.

2. How women rise (Sally Helgesen)

Эмэгтэйчүүд ажлын байр, карьертаа гаргадаг 12 түгээмэл алдаа болон тэдгээрийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө бүхий self-help ном. Мэдээж монголын нөхцөл байдал баруунаас өөр боловч зарим зүйл нь бидэнд ч мөн ижилхэн тохиолддог учир эмэгтэйчүүд унших хэрэгтэй санагдсан. Удахгүй Монгол хэлээр орчуулсан хувилбар нээлтээ хийж байгаа юм байна лээ.

3. The Gene (Siddharta Mukherjee)

Ген, генетикийн ШУ-ны түүхэн замнал болоод үндсэн ойлголтуудыг цогцоор нь базаж, өдөр тутмын уншигч надад ойлгомжтой болгосон үнэхээр гоё юм. Хэтэрхий хүнд хэллэгтэй, шинжлэх ухааны ном уншихаар хэцүү байдаг болохоор арай хялбарчилсан ийм төрлийн ном бичдэг хүмүүст үнэхээр баярламаар шүү.

4. Born a crime (Trevor Noah)

Өмнөх блог дээрээ бичиж байсан энэ номыг хүн бүрт санал болгоно. Өмнөд Африкын Жоханнасбург хотод Африк ээж, цагаан арьст аавын дундаас төрсөн хүүгийн амьдралаар дамжуулж энэ номонд Өмнөд Африк улсын нэгэн цаг үеийн түүх, арьс өнгөний үзэл, хар арьстнуудыг тусгаарласан apartheid, соёл уламжлал, итгэл үнэмшил гээд олон зүйл багтсан учраас маш сонирхолтой байсан. Тухайн үед хар арьстнууд, цагаан арьстнууд хоорондоо гэрлэх нь хуулиар хориотой байсан тул Тревор төрөхдөө л “гэмт хэргийн нотлох баримт” болсон нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар хөгжилтэй, заримдаа гунигтай түүхүүдийг энэ номоос олж уншина. Иймд хэрэв энэ номыг уншихаар шийдвэл өөрийнх нь хүүрнэн уншсан аудио хэлбэрээр нь санал болгож байна.

5. Rules of Management (Richard Templar)

Амьдралын шаардлагаар гэдэг шиг одоо яг надад хэрэг болсон олон зөвлөгөөг энгийн жагсаалт байдлаар оруулсан ном. Одоогийн ажлаа авах уулзалтын үеэр уншаарай гэж зөвлөсөн учир яг одоо уншаад дуусч байна. Ер нь заавал менежер хүмүүс ч гэлтгүй хүнтэй хамтарч ажилладаг хүн бүрт хамаатай зөвлөгөө байдаг юм байна.

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity