2018 онд уншсан онцлох 6 ном

Marla Munkh-Achit
4 min readFeb 12, 2019

--

Өнгөрсөн жил Goodreads дээрээ 30 ном унших зорилт тавьж үүнээс 20 гаруйг нь уншсан байна. Уншсандаа харамсмаар номууд ганц нэг байсан бол зарим нь ахин дахин уншмаар гоё номууд байжээ. Он гарахаас өмнө бичих гэж эхлүүлээд дуусгаж амжаагүй энэ бичвэрээр 2018 онд уншсан 6 номыг онцолж байна.

Намтар: Born a crime, Trevor Noah

Ихэнх хүмүүс Треворийг stand-up comedian эсвэл Daily Show-аар нь мэдэх байх. Өмнөд Африкын Жоханнасбург хотод Африк ээж, цагаан арьст аавын дундаас төрсөн хүүгийн амьдралаар дамжуулж энэ номонд Өмнөд Африк улсын нэгэн цаг үеийн түүх, арьс өнгөний үзэл, хар арьстнуудыг тусгаарласан apartheid, соёл уламжлал, итгэл үнэмшил гээд олон зүйл багтсан учраас маш сонирхолтой байсан. Тухайн үед хар арьстнууд, цагаан арьстнууд хоорондоо гэрлэх нь хуулиар хориотой байсан тул Тревор төрөхдөө л “гэмт хэргийн нотлох баримт” болсон нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар хөгжилтэй, заримдаа гунигтай түүхүүдийг энэ номоос олж уншина. Иймд хэрэв энэ номыг уншихаар шийдвэл өөрийнх нь хүүрнэн уншсан аудио хэлбэрээр нь санал болгож байна.

Монгол уран зохиол: Сармагчин бол сармагчин, П.Баярсайхан

Тагтаа паблишингаас эрхлэн гаргасан уг ном нь үргэлжилсэн үгийн төрлийн бүтээлээрээ голчлон танигдсан зохиолч П.Баярсайханы олонд төдийлөн толилуулагдаж байгаагүй бүтээлүүдээс түүвэрлэн гаргаснаараа онцлог юм. UB Book club-ын нөхдийн хамт уншихаар сонгогдсон номын нэг байсан учир уншиж дуусаад зохиолуудыг ярилцахад зохиолын дүрүүдээс гадна тухайн үеийн нийгмийн аж байдал зэргийг маш сайн дүрсэлсэн нь анзаарагдсан. Зохиолууд дундаас “Хүн гөрөөс” жүжиг мөн “Нохойн хэвтэр” өгүүллэгүүдийг онцолмоор байна.

Гадаад уран зохиол: Handmaid’s tale, Margaret Atwood

Энэ зохиолын талаар мэддэг байсан ч Hulu дээр олон ангит цуврал болон гарсаны дараа л уншлаа. 1980-аад оны дундуур хэвлэгдсэн уг зохиол нь дистопиан ирээдүйг тун сонирхолтойгоор дүрслэн харуулдаг. Зохиолын үйл явдал өрнөдөг улсад (хотод) эцгийн эрхт ёс болон шашны дүрэм мөрдөгдөх бөгөөд эмэгтэйчүүд зөвхөн эхнэр, эсвэл хүүхэд төрүүлэх үүрэгтэй болсон байна. Эхлүүлсэн л бол шууд уншиж дуусгахгүй бол болдоггүй нэгэн төрлийн адал явдалт кино шиг санагдсан уг номыг уншиж үзэхийг зөвлөж байна.

Шинжлэх ухаан (Popular science): Yuval Noah Harari, Homo Deus

Сапиенс номоосоо хойш олонд танигдаад байгаа зохиолчийн дараагийн ном болох Homo Deus номыг мөн л номын клубийн сонголтын дагуу уншиж дуусгасан. Өмнөх ном нь хүн төрөлхтний өнгөрсөн үеийн түүхийн талаар өгүүлсэн бол ирээдүйн талаар Homo Deus буюу Хүн бурхад нэртэй номондоо бичжээ.

Номын төгсгөлд “Ухамсаргүй боловч маш ухаалаг алгоритмууд биднийг өөрсдөөс маань илүү мэддэг болох үед нийгэм, улс төр, бидний өдөр тутмын амьдралд юу тохиолдох бол?” гэсэн нь ерөнхийдөө уг номыг агуулгыг базаад хэлсэн гэсэн үг.

Уншиж дуусгаагүй ч янзтай санагдсан (яваандаа дуусгана гэж бодож байгаа): Steven Pinker, Enlightenment now

Харвардын их сургуулийн багш, эволюцийн сэтгэл судлаач Стивен Пинкерийн TED илтгэлийг үзсэний дараа хэсэгтээ л хорвоог үзэх үзэл илүү өөдрөг болсон билээ. Уг илтгэлдээ тусгасан санаагаа дэлгэрүүлэн бичсэн нь уг ном юм. Бидний эргэн тойронд маш олон сөрөг мэдээлэл, үйл явдлууд болж байгаагаас бид дэлхий ертөнц тэр чигээрээ уруудан доройтож байгаа гэж бодох болсон. Харин үүний эсрэг нотолгоог шинжлэх ухаанч дата ашиглан дэвшүүлж чадсан энэ номыг 1/3-т хүргээд завсарласан байгаа. Энэ ондоо багтаан уншиж дуусганаа.

Self-help: How Women Rise: Break the 12 habits holding you back from your next raise, promotion or job

Ийм төрлийн ном уншдаггүй болтлоо хэр удах юм байгаан. Дараагийн Lean In гэгдээд байгаа энэ номыг анх Ж.Номингоос сонсоод уншсан юм. Менежмент, манлайллын номуудаараа танигдсан Маршал Голдсмит, эмэгтэйчүүдийн манлайллын коөч Сэлли Хелгесентэй хамтран уг номыг бичжээ. Эмэгтэйчүүд ажлын байр, карьертаа түгээмэл гаргадаг 12 алдааг бүлэг бүрт задлан ярилцах бөгөөд эдгээр зуршил, алдаагаа хэрхэн өөрчлөх талаар танилцуулдаг. Номонд гарсан бүх зүйлтэй яг цав санал нийлэхгүй ч зарим зүйл дээр яахын аргагүй өөрийгөө олж харсан учраас зарим хүмүүст хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Карьерийнхаа дунд хэсэгт явж байгаа, менежмент, томоохон компани, корпорейт орон зайд ажилладаг эмэгтэйчүүдэд илүү хэрэгтэй болов уу.

Та нар 2019 онд ямар номууд уншихаар төлөвлөж байгаа вэ? Мөн 2018 онд уншсан гоё номуудаа хуваалцаарай.

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity