Комбуча хэрхэн хийх вэ?

Marla Munkh-Achit
4 min readOct 18, 2019

--

Хэд хэдэн хүн асуусны дагуу гэртээ хэрхэн комбуча бэлтгэж уух талаар оруулж байна. Социализмын үед Орос бабушка нарын уух дуртай байсан энэхүү ундаа сүүлийн үед Баруунд сэргэн мандалт хийж, хипстерүүд, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн go-to drink болсон юм. Энэ нийтлэлээр 1) комбуча гэж юу болох 2) ямар ашигтай 3) хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

Комбуча гэж юу вэ? Гарал үүсэл нь яг тодорхой биш ч уг ундааг 200 эсвэл бүр 2000 гаруй жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Хар эсвэл ногоон цайг, тусгай SCOBY буюу цайны мөөгөөр исгэж, комбучаг гаргаж авдаг.

SCOBY буюу цайны мөөг гэж юу вэ? Symbiotic colony of bacteria and yeast буюу Бактери, хөрөнгөний симбиотик колони нь цайны мөөгний түгээмэл нэршил юм. Харахад царай муутай, гулжигнасан энэхүү “мөөг” нь цайнд агуулагдах сахараар хооллож, цайг аажмаар исгэдэг гол орц нь юм.

Комбуча ямар амттай вэ? Мэдээж исгэлтийн хэмжээнээс шалтгаалан амт нь ялгаатай байх боловч нэмэлт амталгаагүй комбуча нь квас болон хар цайны аль алинийх нь амтыг агуулдаг. Зарим хүмүүс комбучаг “умами” амттай ч гэдэг.

Комбуча ямар ашигтай вэ?

  1. SCOBY мөөг ашиглан исгэсэн комбучанд элгэн тарагтай адил сүүний бактери агуулагддаг бөгөөд комбуча уух нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлдэг хэмээн үздэг. Улмаар хоол боловсруулалтыг дэмжих ач холбогдолтой. Ер нь сүүлийн үед кимчи, sauerkraut, тараг, комбуча зэрэг дарсан бүтээгдэхүүний ашигтай талыг ихээр сонирхдог болоод байгаа юм.
  2. Комбуча нь антиоксидантаар баялаг. Бодисын солилцооны үед хүний бие организмд үүсдэг чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушги, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг ба химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Антиоксидант нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн организмыг хоргүйжүүлэх ач холбогдолтой юм.
  3. Газтай, хэт их чихэрлэг уух зүйлийг орлох боломжтой. Элдэв янзын газтай ундаа, жүүс уух дуртай (над шиг) хүмүүс эдгээр хэрэглээгээ комбучагаар оруулах боломжтой. Хоёр дох исгэлтээр нэмэлт амт оруулсан комбуча нь яг л газтай ундаа шиг carbonated болдог.
  4. Чихрийн шижинтэй хүмүүст комбуча сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үүднээс хэрхэн нотолсныг мэдэхгүй учир дэлгэрүүлсэнгүй.

ГЭВЧ эдгээр ашигтай талууд нь ихэвчлэн ам дамжин яригддаг зүйлс бөгөөд бүр нарийн учрыг ойлгоё гэвэл энэ талаар хийгдсэн судалгаа, лабораторийн шинжилгээг уншвал зүгээр байх.

Хэрхэн исгэх вэ?

Комбучаг хийх үндсэн 2 арга бий. 1) цайны хөрөнгөөр исгэх 2) ямар нэгэн аргаар scoby олох. Комбуча исгэхэд яг л тараг бүрэхтэй адил эхлэл хөрөнгө цай шаардлагатай. Үүнд нэмэлт амт оруулаагүй, шүүгээгүй (unfiltered) 1–2 аяга комбуча цай байхад болох юм. Хэрвээ өөрөө исгэж сурахыг хүсвэл надаас хөрөнгө цай авч болно шүү.

Орц:

  1. 1 л халуун ус
  2. 1.5 л цэвэр ус
  3. 5–6 ширхэг дүрдэг нэмэлт амтгүй хар цай (Жишээ нь: Lipton)
  4. 1 аяга элсэн чихэр (200 гр)
  5. 1–2 аяга хөрөнгө цай
  6. SCOBY (байхгүй бол хөрөнгөөр орлуулж болно)

(Хэрвээ бага хэмжээгээр хийх бол бүх орцыг харьцуулан багасгана)

Хэрэглэгдэх зүйлс:

  1. 3 л орчим багтаамжтай шилэн сав
  2. Модон халбага
  3. Хэмжих аяга (байвал маш сайн)
  4. Савны амсрыг бүтээх марля эсвэл гал тогооны сальфетка
  5. Резин эсвэл уяа

Хийх дараалал:

  1. Маш сайн угааж, ариутгасан шилэндээхалуун усаа хийнэ. Үүний дараа цайг нэмж 10 минут орчим идээшүүлнэ. Цай хэт өтгөн санагдаж болох ч исэх тусам амт, өнгө нь сулрах учир зүгээр. Мөн халуун усандаа элсэн чихэрээ хийж модон халбагаар сайтар хутгаж, уусгана.
  2. Цай хангалттай идээшсэний дараа цайгаа шүүн гаргаж үлдсэн 2 л усаа нэмж, цайг өрөөний температурт иртэл хөргөнө. Халуун цайн дээрээ хөрөнгө эсвэл scoby-гоо шууд нэмвэл бактери нь устах учир заавал хөрсний дараа хийх ёстойг анхаараарай.
  3. Өрөөний темпарурт хөрсөн цайн дээрээ хөрөнгө цайгаа нэмж хутгаад, амыг нь марляар хөнгөхөн бүтээж, резинээр бэхэлнэ.
  4. Нарны шууд тусгалгүй, дулаан (24–28C) газар байрлуулж 10–14 хоног исгэнэ. Эхний 7 хоног цайг оролдох шаардлагагүй бөгөөд цайны дээд хэсэгт аажмаар scoby ургаж эхлэх ёстой. Хэрвээ ургалт нь удаан байвал таны өрөөний хэм бага буюу хүйтэн байж болох юм. Энэ тохиолдолд тэвчээртэй хүлээнэ. Ингээд 2 долоо хоног орчмын дараа шинэхэн scoby ургаж эхэлнэ.
  5. Ингээд нэгэнт гаргасан scoby-гоо ашиглан шинээр хэдэн ч удаа комбуча исгэх боломжтой. Scoby оруулан исгэж буй тохиолдолд 7–10 хоногт комбуча бэлэн болно. Бэлэн болсон комбучанд та хүссэн амтаа нэмж шууд хэрэглэх эсвэл хоёр дох удаагаа исгэн илүү газтай ундаа бэлтгэж болно.
Шинээр ургаж буй scoby

Анхаарах зүйлс: Комбуча бэлтгэх үедээ бүх хэрэгсэл, саваа маш сайн угааж ариутгах ёстой. Ингэснээр цайнд элдэв хөгц, муу бактери оруулахгүйгээр исгэх юм. Ялангуяа анх хөрөнгөөр исгэж, өөрийн гэсэн scoby гаргаж байгаа үед бүх зүйл маш цэвэрхэн байх хэрэгтэй!!

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity