Хог хаягдлаа багасгахад туслах 10 бүтээгдэхүүн

Marla Munkh-Achit
5 min readApr 4, 2019

--

Энэ нийтлэлийн гарчгийг зөв өгөх гэж нэлээд бодлоо. Доорх бүтээгдэхүүнүүд бидний өдөр тутамдаа ахин дахин гаргасаар байдаг хаягдлыг бууруулах зориулалттай ч заавал эдгээрийг худалдаж авснаар та илүү “эко” нэгэн болно гэсэн үг биш нь ойлгомжтой. Тэгээд ч хог хаягдлаа бууруулахад бусдыг уриалах мөртлөө дахин шинэ зүйл худалдаж авахыг санал болгох нь зорилгоо үгүйсгэсэн хэрэг болох байх. Иймд эдгээрээс санаа авч өөрт аль хэдийн байгаа зүйлсийг дахин ашиглах, зориулалтыг өөрчлөх, бүтээлчээр орлуулах нь хамгийн зөв хувилбар гэдгийг хэлмээр байна.

Минимализм, хог хаягдалгүй амьдрал “моодонд” ороод байгаа нь баярлууштай. Гэсэн ч энэ чиглэлийн мэдээлэл Монгол хэлээр эсвэл бидний өдөр тутмын амьдралд буух байдлаар хомс байдаг учир хог хаягдлаа багасгах, улмаар #zerowaste амьдралын хэв маягтай болохыг хүссэн хүмүүст зориулж дараах 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Мөн энэ нийтлэлийг бичих үедээ би гэгээрлийн дээд зэрэгт хүрч, хуванцрын хэрэглээнээсээ бүрэн татгалзаж чадаагүй л байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Гэсэн ч алхам алхмаар хог хаягдлаа багасгаж, байгаль орчиндоо бага дарамт болохыг #хичээжилявнадаа

  1. Даавуун тор, цүнх, уут

Манай улс 3-р сарын 1-нээс нийлэг уутны хэрэглээг хориглосон билээ. Энэ нь нэг талаас бидэнд маш сайн хөшүүрэг болж байгаа ч бүрэн хэрэгжиж буй эсэх эргэлзээтэй. Гэхдээ тэгээд тамхины хууль шиг жигдрэх юмандаа байгаа байх гэж бодож байна. Миний хувьд аливаа хурал, уулзалтаар өгсөн, бэлгэнд авсан, өөрөө хийсэн гээд 10 гаруй даавуун тороо аль болох гарын дор, олон газарт тараан байрлуулдаг. Машиндаа, ажлын ширээнд, гал тогоонд, үүдэндээ гээд л. Ингэснээр гэнэтийн хэрэглээ гарсан ч хуванцар тор авахгүй байж болдог.

Ногоо, жимс зэрэг задгайгаар худалдаалдаг зүйл авах үед дэлгүүрүүд ихэвчлэн нимгэн уут өгдөг байсан бол одоо үнийг орлох дахин ашигладаг нимгэн торон, даавуун уутнууд бий болоод байгаа юм. Эдгээр торыг угаагаад хэдэн ч удаа ашиглах боломжтой.

2. Савлагаагүй саван, шампунь, ангижруулагч

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хуванцар хог хаягдлын томоохон эх үүсвэр болдог. Тэгвэл одоо заавал савлагаатай бүтээгдэхүүн авах шаардлагагүй болсон гэдгийг мэдсэн үү? Дотоодын үйлдвэрлэгчдээс La perla, Goo (эднийх гэхдээ гадуур нь гялгар уутаар бүрчихсэн байсан) брендүүд аль хэдийн савалгаагүй шампунь гаргаад эхэлчихсэн учир шалтаг хэрэглэх боломжгүй болсон. Миний хувьд LUSH-н савалгаагүй шампунийг ашигладаг ч дуусахаар нь дотоодын бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн ашиглана гэж бодож байгаа.

3. Дахин хэрэглэдэг усны сав

Айл бүрт л аль хэдийн нэг усны сав байгаа болохоор түүнийгээ өдөр тутамдаа авч явж заншвал маш их хуванцрыг хэрэглээнд гаргахгүй байх боломжтой. Би мөн л аливаа үйл ажиллагаанаас тараасан, “бэлгийн замаар” авсан усны савнуудаа л ашигладаг.

4. Дахин ашигладаг соруул

Яг үнэндээ соруул бас яг ямар шаардлагатайг төдийлөн ойлгодоггүй лдээ. Нэгэнт таниас өөр хүн тэр ундаа, усыг уухгүй тохиолдолд заавал соруул хэрэглэх шаардлага бий эсэхийг бодвол тийм ч шаардлагагүй мэт. Хэрвээ үнэхээр соруул хэрэглэх дуртай эсвэл шаардлагатай бол хулс мод эсвэл төмрөөр хийсэн дахин хэрэглэгдэх соруулыг сонговол хэдхэн минут хэрэглэгдээд хаягдах хог хаягдлыг бууруулах боломжтой.

Улаанбаатарын зарим үйлчилгээний газрууд өндөр мэдрэмж гаргаж, хуванцар соруул хэрэглэхээ больж байгаа сураг байсан.

5. Өдрийн хоолны сав, халбага сэрээний ком

Захиалгын хоолны хамгийн хэцүү зүйл нь дагалдаж ирдэг хуванцар сав, нэг удаагийн халбага сэрээ байдаг. Иймд өдрийн хоолоо өөрөө бэлтгэж ирэх нь хуванцрын хаягдлаа багасгах маш том алхам болно. Гэхдээ бодит байдал дээр хоол захиалах үе гарах нь тодорхой. Харин энэ үед хуванцар, халбага сэрээнээс татгалзаж, өөрийн халбага сэрээг хэрэглэж хэвшээрэй. Дээр үед хүмүүс аяга, хэт хутга гээд хамаг зүйлсээ авч яваад болоод байдаг байсан учир ажлынхаа ширээнд өөрийн халбага сэрээгээ хийчхэд л үүнийг шийдэх бүрэн боломжтой. Тэгээд ч ариун цэвэр талаасаа өөрийн гэсэн халбага сэрээтэй байх нь хавь дээр сонголт гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

6. Олон удаагийн кофений аяга

Кофе, цайны нэг удаагийн аяга нь хэдий цаасаар хийгддэг боловч шингэн нэвтрүүлэхгүйн тулд дотор хэсгийг гялгар хуванцар материалаар бүрдэг нь үүнийг дахин боловсруулах боломжгүй болгодог. Иймд дахин ашигладаг кофены аягатай болох нь кофе их уудаг хүнд хамгийн зөв шийдэл болно. Мөн дахин хэрэглэдэг аяга нь цаасан аягатай харьцуулахад халуунаа удаан барьдаг давуу талтай.

7. Бичил хуванцаргүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Нүдэнд харагдах төдий, 5 микромилметрээс бага хэмжээтэй хуванцрууд далай, тэнгисийн амьтдын хамгийн том дайсан болж байгаа талаар сонссон уу? Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэхчлэн эдгээр бичил хуванцар нь амьтдын биед шингэж, хоолоор дамжиж бидний бие , эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Микро хуванцар нь гуужуулагч, шүдний оо зэрэг бүтээгдэхүүнд агуулагдахаас гадна том хуванцар бутлагдаж жижиг болсноор ч мөн бий болдог. Иймд ийм төрлийн бүтээгдэхүүн сонгохдоо байгалийн гаралтай априкотны яс, кокосын хальс зэрэг агуулсныг нь сонгож байгаарай. Мөн хэрэглэж дууссаны дараа савыг нь заавал дахин боловсруулах цэгт тушааж байгаарай. Дахин боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.

Source: National Geographic

8. Модон сам, сойз, багс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэгслүүд ихэвчлэн хатуу хуванцраас бүтдэг. Дахин боловсруулагдаагүй сойз байгальд шингэх гэж 400 жил болдог гээд бодохоор 3 сарын хэрэглээ маань ямар том нөлөөтэйг харж болно. Модоор хийсэн бүхэн мэдээж илүү эко гэсэн үг биш учир аль болох таримал ой, хулсаар хийсэн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь зүйтэй юм. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь FSC логогоор баталгаажсан байдаг.

9. Цахим ном уншигч

Энэ нилээд ярвигтай. Зарим хүмүүст цаасаар барьж уншихгүй л бол ном уншсан болдоггүй гэсэн. Мөн бас номыг шууд хог хаягдал гэж бодоход хэцүү. Миний хувьд олон дахин унших, дуртай, хайртай цөөн номоо авч үлдээд бусад үед боломжтой бол цахим ном уншихаар шийдээд буй. Гэхдээ энэ үйлдлийг хүн бүр дэмжихгүй нь ойлгомжтой. Иймд өөрийн хэрэглээнд тааруулан цахим ном уншигч руу шилжих эсэхээ шийдээрэй. Kindle-ийн давуу тал гэвэл эвсээрхэн, багтаамж сайтай, бусад төрлийн таблет шиг гялбуулахгүй.

10. Сарын тэмдгийн аяга

Эмэгтэйчүүд бидэнд сонголтгүй оногдсон нэг хэрэглээ бол ариун цэврийн хэрэглэл. Гэхдээ энэ тал дээр ч мөн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн бүтээсэнд талархаад барамгүй. Сарын тэмдгийн аяга нь санхүүгийн, ариун цэврийн, эрүүл мэндийн, байгаль орчны гээд олон талаар ердийн хэрэглэлүүдээс давуу талтай. Монголд одоогоор Intimina, Gaia зэрэг брендүүд худалдаалагддаг бөгөөд хэрхэн хэрэглэх талаар мэдэхийг хүсвэл энэ бичлэгийг үзээрэй.

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity