Хэрхэн амжилттай видео аппликейшн хийх вэ?

Marla Munkh-Achit
3 min readJun 2, 2019

--

Сүүлийн үед тэтгэлэг, манлайллын хөтөлбөр, байгууллагууд сонгон шалгаруулалтаа видеогоор авах нь түгээмэл болсон. Эссе бичихийн оронд 1–2 минутын бичлэг илгээх нь илүү хэцүү мэт боловч зөв хийж чадвал бусдаас ялгарч, хүссэн хөтөлбөртөө тэнцэх боломж нэмэгддэг. Би өөрөө хэд хэдэн видео хийж байсан мөн сонгон шалгаруулж байсан туршлага дээрээ үндэслэн хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаануудыг битгий давтаасай хэмээн энэхүү бичвэрийг оруулж байна.

Байгууллагууд яагаад видео асуудаг болсон бэ?

  1. Видео хийх нь тухайн оролцогчоос илүү хүчин чармайлт шаарддаг тул аль хэдийн нэг шатны шалгуур болдог.
  2. Ярилцлага хийх цагийг хэмнэж тухайн хүний өөрийгөө илэрхийлэх байдал, харилцааны ур чадварыг дүгнэх боломжийг олгодог.
  3. Богино хугацаанд товч бөгөөд тодорхой хариулт авах боломжтой.
  4. Олон өргөдөл хүлээн авч буй үед хэт их мэдээлэл унших нь сонгон шалгаруулж буй хүмүүст нэгэн хэвийн байдаг тул видео илүү тохиромжтой байдаг

За тэгвэл видеогоо хэрхэн хийх вэ? Яаж хүссэн хөтөлбөр, байгууллагадаа тэнцэх вэ? Үүнтэй холбоотой энгийн боловч чухал 9 зөвлөгөөг хуваалцъя.

  1. ХХ дүрэм — Хөндлөн бөгөөд хөдөлгөөнгүй байх (камер) дүрмийг видео хийх үедээ зайлшгүй баримтлаарай. Адал явдалтай бичлэг хий гэж шаардаагүй л бол бичлэгийн үеэр камерыг хөдөлгөөнгүй байлгах нь чухал юм. Хэт их хөдөлгөөнтэй видео нь үзэж буй хүнд таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна мэргэжлийн бус сэтгэгдэл төрүүлдэг. Мөн ихэнх видео тоглуулагч сайтуудын бичлэг хөндлөн (horizontal) хэлбэрээр ордог тул үүнд нийцүүлэн хийх нь зүйтэй.
  2. Зохиолоо гаргах — Шууд л камерын өмнө суугаад цагтаа амжиж бүх санаагаа ярина гэдэг бараг л боломжгүй. Иймд ярих зүйлээ урьдаас буулгаж, бүх асуултуудад хариулсан, цагтаа багтаж буй эсэхийг шалгасны дараа камераа асаагаарай. Ингэхдээ гаргасан зохиолоо шууд дэлгэцээс унших биш өөрийн болгож, энгийн бөгөөд чөлөөтэй ярих нь үзэж буй хүнд илүү дотно, ойлгомжтой санагддаг. Зохиол гаргах нь мөн гацах, сул үг их хэрэглэхээс сэргийлнэ.
  3. Цагаа барих — 2 минут хүртэлх видео гэсэн л бол 2:00 минутаас битгий хэтрүүлээрэй. Зарим хатуу шалгууртай хөтөлбөрүүд цагаасаа хэтэрсэн видеог шалгаруулалтад оруулахгүй байх нь бий. Иймд өмнөх зөвлөгөөний дагуу хэд хэд бэлдэж, тайван ярьж, санаагаа гүйцэд илэрхийлэх нь чухал. Хэт урт болоод байвал гол зүйлсээ яриад бусдыг нь хасах нь зүйтэй.
  4. Фоноо зөв сонгох — Видео хэдий таны тухай боловч танаас гадна дүрсэнд өөр юу орж байгааг анзаарах хэрэгтэй. Ажлын сонгон шалгаруулалтын видеог унтлагын өрөө, гал тогоондоо хийх нь таныг ажилдаа мэргэжлийн хандаж чадна гэсэн итгэлийг төрүүлэхгүй л болов уу. Мөн ард чинь хөл хөдөлгөөнтэй байх, хүн явах, шуугих зэрэг нь үзэгчийн анхаарлыг сааруулж, чанарт нөлөөлнө гэдгийг анхаараарай.
  5. Өнцгөө олох — Миний анзаарснаар зарим хүмүүс камерийн дээрээс өлийж ярих гээд байдаг. Энэ нь үзэж буй хүнд дээрээс хараад байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Камераа байршуулахдаа хэт ойр эсвэл хол биш аль болох харааны түвшинд байрлуулах нь үзэж буй хүнд өөдөөс харан ярилцаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг.
  6. Засварлах — Видеогоо ганцаараа байхдаа хийсэн бол эхлэл болон төгсгөл хэсэгт сул дүрс орох тохиолдол гардаг. Иймд энэ хэсгийг эвтэйхэн засварлаж хасах мөн хадмалаар зарим нэг мэдээллийг оруулж болно. Үүнийг ихэнх үйлдлийн системд үнэгүй дагалдан ирдэг iMovie, Movie maker зэрэг програмаар хялбархан янзлах боломжтой. Харин хэт их филтер, маяг оруулах, тамгатай байх зэрэг нь тохиромжгүй.
  7. Чанар шалгах — Мэдээж хүн бүрт мэргэжлийн камер, студи олдохгүй ч видеоныхоо чанарыг аль болох өндөр байлгахыг хичээх хэрэгтэй. Ихэнх ухаалаг утаснууд одоо камераас дутахгүй бичлэг хийх боломжтой болсон. Ингэхдээ бичлэгээ компьютерээс үзэж шалгах үед дүрс хэт бүрсгэр биш мөн таны яриа хэт сул биш байх ёстой.
  8. Зөв байршуулах — Ихэвчлэн хийсэн видеоныхоо холбоосыг (линк) илгээхийг шаарддаг. Энэ тохиолдолд хамгийн түгээмэл YouTube эсвэл Vimeo зэрэг платформуудыг ашиглахыг зөвлөж байна. Ингэхдээ өөрийн хаягаар илгээж байгаа бол тухайн хаяг дээрээ байгаа бусад мэдээллийг шалгахад илүүдэхгүй (playlist, watch history, subscription, uploads гэх мэт) Мөн тухайн газраас өөрөөр зааварлаагүй бол Unlisted хэлбэрээр оруулах нь хамгийн тохиромжтой. Ингэснээр зөвхөн холбоос линкийг авсан хүмүүс л таны видеог үзэх боломжтой бөгөөд олон нийтийн хайлтад таны видео орохгүй гэсэн үг юм. Харин Private хэлбэрээр орсон бол үүнийг танаас өөр хэн ч үзэж чадахгүй гэсэн үг.
  9. Шалгах — Материалаа илгээхийн өмнө, видеогоо upload хийсний дараа холбоосоо өөр хэн нэгэн рүү явуулж ажиллаж буй эсэхийг нь шалгаж үзэхэд илүүдэхгүй.

Ингээд өөрийн сэтгэлд нийцсэн видеогоо хөтөлбөртөө илгээгээрэй. Танд амжилт хүсье!

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity